blog

Дэлхийн топ 10 алтны уурхай /нөөцөөр/

Дэлхийн хамгийн том алтны уурхайдууд

      1. South Deep алтны уурхай,  Өмнөд Африк
      2. Grasberg алтны уурхай, Индонез
      3. Olimpiada алтны уурхай, ОХУ
      4. Lihir алтны уурхай, Папуа Шинэ Гвиней
      5. Norte Abierto алтны уурхай, Чили
      6. Carlin Trend алтны уурхай, АНУ
      7. Boddington алтны уурхай, Австрали
      8. Mponeng алтны уурхай, Өмнөд Африк
      9. Pueblo Viejo алтны уурхай, Бүгд Найрамдах Доминикан Улс
      10. Cortez алтны уурхай, АНУ


1. South Deep алтны уурхай

Нөөцийн хэмжээгээр South Deep алтны уурхай нь дэлхийн хамгийн их нөөцтэй орд бөгөөд 2018 онд 32,8 сая унц нөөцтэй нь тогтоогдсон. Уг уурхай нь дэлхийн хамгийн гүнзгий уурхайн жагсаалтын 7-рт эрэмблэгддэг ба гүн нь газрын гадаргаас доошоо 2,998 м гүнзгий. Уурхайн үйл ажиллагаа 1961 оноос эхэлж гүний уурхайн 2 босоо ам бүхий системээр олборлолт явагддаг. 2018 онд уг уурхай 157100 унц алт олборлосон бол 2017 онд 281300 унц алтыг тус тус олборложээ. Уг гүний уурхайн ашиглалтын хугацааг 2092 он хүртэл сунгах төлөвтэй байна.


2. Grasberg алтны уурхай

Индонези улсын Папуа мужид орших Grasberg алтны уурхайг1988 онд илрүүлсэн бөгөөд уг уурхай нь Grasberg ил уурхай болон DOZ, DMLZ, Big Gossan болон Grasberg Block Cave гэсэн 4 далд уурхайгаас бүрдэнэ. Нийт нөөц нь 30,2 сая унц алтны нөөцтэй мөн 275,2 тэрбум унц зэсийн нөөцтэй. Ил уурхайн олборлолт 1990 оноос эхэлсэн бөгөөд 2019 он хүртэл үргэлжилсэн. Харин далд уурхайн олборлолт 2019 оны 3-р хагасаас эхэлсэн бөгөөд уурхайн цаашдын тэлэлт нь 2022 он гэхэд олборлолтыг өдөрт 240000 тн хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. 2018 онд 2,69 сая унц алт баяжуулсан бөгөөд одоогоор өдөрт 178100 тн хүдэр олборлох хүчин чадалтайгаар ажиллаж байна.


3. Olimpiada алтны уурхай

Olimpiada уурхай нь ОХУ-ын Сибирын Красноярск мужид орших бөгөөд Polyus Gold компанийн эзэмшилд байдаг. 2018 оны 12-р сарын байдлаар уурхайн бодитой болон боломжит нөөц 26 сая унц, 2.88 гр/тн агуулгатай хэмээн тогтоогдсон байна. Уламжлалт ил уурхайн технологиор олборлолтыг явуулах бөгөөд олборлосон хүдрийг жилд 13 сая тонн хүчин чадалтай ойролцоох хоёр үйлдвэрт баяжуулахаар нийлүүлдэг. 1996 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2018 онд 1,3 сая унц алт баяжуулжээ. 2019 оны 1-р сард олборлолтын үйл ажиллагаа автомат горимд шилжсэн байна.


4. Lihir алтны уурхай

Lihir алтны уурхай нь 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 12-р сард 24 сая унц, 2.3 гр/тн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Ил аргаар олборлосон хүдрийн ихэнхийг өндөр даралтат  уусгалтын технологиор уусган баяжуулдаг. 2019 оны 6-р сарын байдлаар 933000 унц алт баяжуулсан байна. Newcrest компани урьдчилсан ТЭЗҮ-ийг 2016 онд боловсруулсан бөгөөд 2020 онд 1 сая унц алт гарган авахаар төлөвлөж байна. Хүдрийг автоклавт исэлдүүлэхийн өмнө буталж, нунтаглан флотацийн технологийг ашиглан ачааллыг бууруулан алтны агуулгыг нэмэгдүүлэх бөгөөд исэлдсэн болон сульфидын хүдрийг уусган баяжуулдаг. 


5. Norte Abierto алтны уурхай

Эл уурхай нь Чили улсын Атакама бүсэд орших бөгөөд Barrick Gold болон Newmont Goldcorp-ын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай, хүдрээ ил аргаар олборлодог уурхай юм. Уурхайн бодит болон боломжит нөөц нь 23,2 сая унц хэмээн тогтоогдсон. 


6. Carlin Trend алтны уурхай

Carlin Trend алтны уурхайн алтны бодит болон боломжит нөөц нь 12.46 сая унц бөгөөд ил болон далд уурхайн нөөцийг 5,6 сая унц болон 4,87 сая унц харин овоолгын нөөцийг 1,25 сая унц хэмээн тус тус тогтоосон байна. Ил уурхайн олборлолтын үйл ажиллагааг 1965 онд эхлүүлсэн бөгөөд далд уурхайн олборлолтыг 1994 онд эхлүүлжээ. Агуулга өндөртэй исэлдсэн болон сульфидын хүдрийг уламжлалт цианидын уусгалтын аргаар баяжуулах боломжтой бөгөөд харин бага агуулгатай исэлдсэн хүдрийг нуруулдан уусгалтын технологиор баяжуулж байна. Харин хайлц муутай хүдрийг аммонийн тиосульфатаар уусгадаг. 


7. Boddington алтны уурхай

Анх 1987 онд ил уурхайн технологиор олборлолтыг явуулж, газрын гадаргаас доош 70 метрийн гүнээс исэлдсэн хүдэр олборлож байсан. Уг уурхай нь 12,35 сая унц алтны нөөцтэй бөгөөд 2018 онд 709000 унц алт олборложээ. Newmont компани уурхайн урд хэсгийг өргөтгөхөд ойролцоогоор 500 сая долларын хөрөнгө зарцуулж, уурхайн ашиглалтын хугацааг 2025 он хүртэл сунгасан байна. Алтны хүдрийг баяжуулах процесст бэлтгэн флотаци, гравитацийн хосолсон технологийн схемээр баяжуулан, усгүйжүүлэн хайлуулах үйлдвэрт борлуулдаг. Харин агуулга багатай флотацийн хаягдлыг уусагчийн тусламжтайгаар уусган, нүүрсэнд шингээх технологиор баяжуулдаг. 


8. Mponeng алтны уурхай

Уг уурхай нь дэлхийн хамгийн гүн далд уурхай бөгөөд газрын гадаргаас доош 4км гүнд олборлолт явуулдаг. 11,65 сая унц нөөцтэй, 9,93 гр/тн агуулгатай бөгөөд 2018 онд 265000 унц алт олборлон баяжуулжээ. Баяжуулах үйлдвэр болон босоо ам бүхий комплексийг 1986 онд ашиглалтад оруулсан. Уурхайгаас олборлосон хүдрийг уусган баяжуулж, хайлуулдаг. Хүдрийг нунтаглаж бэлтгэсний дараа  CIP /carbon-in-pulp/ технологиор баяжуулдаг. 


9. Pueblo Viejo алтны уурхай

Pueblo Viejo уурхай нь Barrick Gold (60%) болон Newmont (40%) компаниудын хамтарсан уурхай бөгөөд 2018 оны 12-р сарын байдлаар 10,92 сая унц нөөцтэй, 2,66 гр/тн алтны дундаж агуулгатай болох нь тогтоогдсон байна. Ил уурхай нь 3 жижиг хүдрийн биет болон Monte Negro, Moore гэсэн исэлдсэн хүдрийн үндсэн 2 хүдрийн биетүүдээс бүрдэнэ. Уурхайгаас олборлосон хүдрийг бутлалт, нунтаглалт, даралтат исэлдүүлэлт, цианидын уусгалт болон цэвэршүүлэлт гэсэн технологийн дараалалтайгаар баяжуулна. Даралтат исэлдүүлэлтийг 40 м урттай, 6 м өргөнтэй автоклавт явуулах бөгөөд хүдрийг ойролцоогоор 60-75 минутын турш 230 градуст 3450 кПа даралтад исэлдүүлдэг. 


10. Cortez алтны уурхай

Уг алтны уурхай нь 1,87 гр/тн алтны агуулгатай, 8,7 сая унц нөөцтэй бөгөөд 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олборлолтын технологийн хувьд ил болон далд аргаар аль алинаар нь хүдрийг олборлодог. Хүдрийг бутлан, нунтаглаж гидроциклоноор ангилан баганан уусгалт болон хутгалттай уусгалтад оруулна. Үүний дараа баян уусмалыг электролизод оруулан алтыг ялган авдаг. 



Эх сурвалж