blog

"Нүүрс баяжуулалт - 2021" онол практикийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ойн баяр 2021 оны 06-р сард тохиож байна. Тус ойн баярт зориулж "НҮҮРС БАЯЖУУЛАЛТ - 2021" онол практикийн цахим хурлыг 06-р сарын 08-ны өдөр зохион байгуулж, нүүрс баяжуулалтын технологийн хөгжил, цаашдын чиг хандлага, нүүрс баяжуулах техник технологи болон нүүрс баяжуулах тоног төхөөрөмж гэсэн 3 чиглэлээр нийт 14 илтгэлүүдийг танилцуулан, оролцогчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа. Хурлыг нээж МАМБХолбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг болон "Энержи ресурс" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж нар үг хэлж, "Энержи ресурс" ХХК-ийн Олборлолт, үйлдвэрлэл хариуцсан захирал С.Лхагва-Очир хурлыг хааж үг хэлэхээс гадна үйлдвэрлэл болон технологитой холбоотой нэмэлт мэдээллүүдийг өгч хуралд оролцлоо. 

Хуралд давхардаагүй тоогоор нийт 32 судлаачийн 19 нийтлэл ирүүлснээс хурлаар хэлэлцэгдээгүй үлдсэн нийтлэлүүд болон бусад нийтлэлүүдийн дэлгэрэнгүйг та бүхэн холбооноос жил бүр эрхлэн гаргадаг "БАЯЖУУЛАГЧ" сэтгүүлээс хүлээн авч унших боломжтой. Мөн сэтгүүлийг Монгол Шуудан ХК-аар дамжуулан орон нутагт хүлээн авч унших боломжтойг дуулгахад таатай байна. 


Хуралд давхардсан тоогоор 420 гаруй оролцогч оролцож цахимаар зохион байгуулахаас гадна  Mongolian Mineral Processing Association болон Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө Facebook page хуудсуудаар шууд дамжуулж 8800 гаруй хүмүүст хүрсэн үзүүлэлттэйгээр хурлыг амжилттай зохион байгууллаа. 

Хурлын илтгэлүүдийн хураангуйг энд дарж татаж авна уу.