Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд 1998 онд байгуулагдсан, уул уурхайн мэргэжлийн ууган холбоодын нэг болох Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо “Мэргэшсэн инженерийн зэрэг олгох” сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэхээс гадна инженерийн ёс зүйг эрхэмлэн олон улсын чанар стандартыг баримталж ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж, уул уурхайн баяжуулалтын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих, гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөшүүрэг болох үйл ажиллагааны нэг хэсэг болж байна.
Бид сургалтандаа олон улсын түвшинд мэргэшсэн инженер гэдэг ойлголтын дараах тодорхойлолтыг баримталж байна.
Үүнд:
- Мэргэжлийн салбартаа гүнзгий мэдлэгтэй, онол практикийг хослуулан ажиллах чадвартай
Олон улсын стандарт, норм дүрмийг баримтлан ажиллаж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц ур чадвартай - Ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн, байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ажилладаг
- Шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг мэргэжилтэн байх.
Энэ удаагийн сургалтад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниудын инженер, технологич, судлаач, менежер болон мэргэжлийн зөвлөх эрх авах инженерүүд хамрагдаж, орчин үеийн баяжуулалтын технологи, үйлдвэрлэлийн оновчлол, байгаль орчны менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг голлох чиглэлүүдээр цогц мэдлэг авч байгаа нь салбарын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх чухал алхам болж байна.
Ийнхүү Монголын уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц мэдлэг, туршлагатай хүний нөөцөөр хүрээгээ тэлснээр энэ намар Эрдэнэт хотноо зохион байгуулагдах “Эрдэс Боловсруулалт 2026” олон улсын бага хуралд хүрэлцэн ирэх Австрали, АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ зэрэг улсын их сургууль, компаниудын төлөөлөлтэй хамтын ажиллагаа эхлүүлэхэд чухал түлхэц болохыг холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг онцоллоо.
Түүнчлэн тус холбоо нь Япон, БНЧУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын уул уурхайн академи, судалгааны төвүүд, их дээд сургууль, инженерчлэлийн компаниудтай байнгын хамтын ажиллагаа өрнүүлж, салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
